Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж ижийгээ тээр үзлүү яалаа
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би ээжээн дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад би уужирлаа
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би ижийхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
Ээж тандаа охин нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!
I had to share this! via NominL
Yostoi goy shuleg bn! Heniin shuleg iin? Baljmaa
ReplyDeleteTm bgaaaaz!!
DeleteCh.Battsetseg gej zohiolchih um shig bn, gehde not sure!
Chi uilsnu gehgu yu :p
Udku mesmerismdaj ehlerei, can't wait :))
almost!!!! neeh sonin bolchool yvsan... harin tiimee ali boloh hurdan blog oo update bolnoo :P
Delete